Х.Баттулга эрх баригчдаас илүү өртөг төлж С.Эрдэнийг авна

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхэлсэн. Сурталчилгаа 10 хоног явагдаж, 26-нд өндөрлөнө. Энэ сарын 28-ны өдөр санал хураалт явагдаж, намын дарга тодрох сценартай.

Намын даргад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Ардчилсан Залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа нар өрсөлдөж байгаа. Гэхдээ энэ бол өнгөн хэлбэр буюу МАСК нь. 

Үнэндээ Х.Баттулгын зүгээс Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин гэсэн хоёр хувилбартай байгаа бол “Алтангадас”-аас О.Цогтгэрэл, Ц.Элбэгдоржийн зүгээс С.Эрдэнэболд гэх байдлаар оролцож байна.

Х.Баттулгын хувьд намын даргын сонгуульд ихээхэн хүч, хөрөнгө хаяж байгаа бөгөөд энэ сунгаанд ялагдал хүлээвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болох тул нэгэн үе АН-ыг эзэгнэж байсан “Алтангадас” уг сонгуульд Ерөнхийлөгчид дэмжлэг болох, өрсөлдөгч нарын саналыг хуваах зарчмаар оролцож байгаа нь үнэн.

Өөр нэг үнэн гэвэл хөшигний ардах тохироо хэдийнэ хийгдчихсэн. Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх боломжийг Ерөнхийлөгч судалсан ч нэмэр болоогүй.

Ц.Элбэгдоржийн хувьд боломжийг ашиглан тохиролцох байр суурийг анхнаасаа эрхэмлэж байсан тул эл ший янгуунд хэдийнэ орчихсон. Түүний хувьд ялалт байгуулах чухал биш. Шүүх эрх мэдлийг атгаж байгаа гэх Ерөнхийлөгч Х.Баттулга Эбэ-д холбогдох асуудлыг баллуурдаж өгвөл тэр түүнд хүссэнээр нь тусална. Гэхдээ тэдний яриа эцэслэгдээгүй байгаа юм.

Харин энэ сонгуульд хэн нь ч ялалт байгуулсан С.Эрдэнийн талынхан хүлээн зөвшөөрөхгүй. Тиймдээ ч “АН-ын даргын сонгууль гэх дүрмийн бус сонгуулийг бүрэн эрх нь дуусч огцорсон И.Мөнхжаргал тэргүүтэй Дотоод сонгуулийн хороо гэгч нөхөд хийж байгаад санаа зовох бус харин тэнд нэр дэвшин итгэл үнэмшилтэйгээр оролцож байгаа гишүүддээ санаа зовж байна. Өөрсдийн цаг хугацаа мөнгө хөрөнгөөрөө хохирох вий” хэмээн сийгүүлээд байгаа. Тиймээс өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд С.Эрдэнийг тойглож байгаа харагдсан.

Энэ мэтчилэн удаан үргэлжилсэн уулзалтын төгсгөлд тал талаасаа гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган зөвшилцөх болов. Үнэндээ С.Эрдэнэд айдас бий.

Түүний айдсыг өнгөрсөн өдрүүдэд намын даргын сунгааг яаран зарлаагүйгээр тайлбарлаж болно. Гэхдээ нийслэлийн намын хороог гартаа оруулах ажиллагааг эхлүүлэн зөвшилцлийг хүлээж байв.

Тэд зөвшилцөлд хүрэх эсэх нь эргэлзээтэй. Дугуй ширээний ар дахь уулзалт ямар хугацаанд үргэлжлэх үү гээд олон асуулт бий.

Тавдугаар сар гэхэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг зарлах хуультай. Түүнээс урьтаж намаа эмхлэн байгуулах, нэгдмэл байр суурьтай болох нь АН-д уг нь чухал. Гэхдээ энэ хүсэл хоёр талд хоёуланд нь үнэхээр бий болов уу.

Ц.Тувааны царайгаар нүүрэндээ маск углачихаад яваа Х.Баттулгын гарт байгаа АН-ын хувьд зөвшилцлийг машид хүсч байгаа. Х.Баттулгыг Ерөнхийлөгчид дахин нэр дэвшүүлэх болзолтойгоор шүү дээ.

Энэ нь С.Эрдэнэд ямар ашигтай гэж. Түүний ийм байдалд хүрчихээд байгаа нь Х.Баттулгаас болсон байхад тэр дэмжиж ажиллах уу. Тэрчлэн Нийслэлийн намын хороог аваад сэтгэл ханах хүн С.Эрдэнэ биш. Тэгээд ч МАН-тай хийсэн тохироо түүнд бий.

Тэгэхээр Алтангадасынхан болоод Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын хувьд цаг үнэхээр давчуу байна. Нэг мэдэхэд тавдугаар сартай золгоно. Дээд шүүх цав үүссэн намын хэрүүлийг хэрхэн “баталгаажуулах”-аас цаашдын хувь заяа тодорхойлогдох гээд байдаг. Тэр хүртэлх нөхцөл байдал Х.Баттулгад бүтэн нойртой шөнийг яав ч авчрахгүй нь.  

С.Эрдэнийн хувьд харин яараад давчдаад байх юу ч үгүй. Тэр нэгэнт зодог тайлсан төдийгүй улстөрийн тэнгэрт дахин дүүлж чадахааргүйгээр газардсан. Тэгэхээр зөвшилцөлд урьсан Х.Баттулга эрх баригчдаас илүү өртөг төлж байж С.Эрдэнийг авна.

Одоо Х.Баттулга С.Эрдэнэтэй бас Ц.Элбэгдоржтой тохиролцооны мухлагт сууж байна. Хажууд нь Н.Энхбаярыг урвуулах адармаатай ажил бас бий. МАН-д дагаар орно хэмээн хормой дэвэн гүйх Н.Энхбаярын ам тийм ч жижиг зүйлд хууртахааргүй ангайчихсан яваа. Эс бөгөөс С.Ганбаатарыг сумлах халаасны хувилбартаа орно.

Ядаж байхад өгсөх замын нь өөдөөс хад нурааж, чулуу нүүлгэн суугаа У.Хүрэлсүхийг яалтай.

Чуулган эхэлсэн тул сул гишүүний хувиар У.Хүрэлсүх зүгээр суухгүй…

Орчуулах »