У.Хүрэлсүх сонгуульд бэлтгэж, генсэк нь гурав дахь Засгийн бялууг зүсч байна

МАН доторх гал намжлаа. У.Хүрэлсүх орон нутгийн зүг хараа бэлчээв.

Халдвартай бүсээс хүн оруулахгүй хэмээн мэдэгдээд байсан аймгийн дарга нар халдварын голомтод “айлчлав”. Өнгөн дээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үүрэгдсэнээр гэх боловч үнэн хэрэгтээ намын дарга У.Хүрэлсүхийн урилгаар ирсэн нь энэ.

21 аймаг, 9 дүүргийн Засаг ноёдтой хамтран ажиллах гэрээ үзэглэх нэрийдлээр цар тахлын үүр уурхай болоод байгаа нийслэлд дуудуулжээ. Салбар салбарын сайд нар Засаг даргатай хамтран ажиллах гэрээ үзэглэж, улаан хавтас солилцсон.

Уг нь яамд шийдвэр гаргавал хэрэгжүүлэх субьектүүд нь харьяа агентлаг, төр хувийн хэвшлийн байгууллагууд төдийгүй мөнөөх Засаг дарга нарт ч хамаатай. Тиймээс санамж бичиг гэх мэтийг үзэглэн шоудах шаардлагагүй байв. 

Тэгэхээр тэднийг дуудсан гол зорилго энэ биш. Товчхондоо Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг дэмжих. Үүний хүрээнд хэрхэн хамтран ажиллах санал солилцож, санаа бодлоо нэгтгэх байлаа.

МАН УИХ болон Нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан ч 21 аймгийн 8-д нь цагаан туг өргөсөн. Тиймээс Орон нутаг руу анхаарал хандуулж, хяналт тогтоохгүй бол бас эвгүй.

“Намын гишүүд дэмжвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд бэлэн” хэмээн МАН-ын дарга У.Хүрэлсүх аймгийн Засаг дарга нарыг цуглуулан даруухан мэдэгдэв. Тэд уулзалтын дараа ам халж, У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуулиар гаргаж ирэх арга тактик, аймгийн удирдлагуудын өнөөгийн байдлын талаар хэлэлцэн, үүрэг даалгавар өвөртлөөд гарч.

Хэзээ зогсох нь мэдэгдэхгүй шуурч байсан МАН-ын дотоод дахь цаг уур нэг үеэ бодвол намжсан. Нам доторх фракциудын бүлэглэлүүд тодорхой түвшинд тохиролцсон гэсэн үг. Сү.Батболдын дуулианыг намжааж, түүнийг хамгаалсан албан тоот “Монгол Улсын” гэх шошготойгоор “үйлдвэрлэгдэж” эхлэв.

УИХ дахь Зүүний хүчний холбоо аливаа албан тушаалаас зай барьж, нам доторх бусад фракцийнхныг албан тушаалд “урих” болсон.

Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад яригдаж байсан Ж.Мөнхбатыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилж тал засав. Хотын фракцитай хэл үгээ ололцон Ж.Эрдэнэбатыг тангараг өргүүлэхээр болж нам доторх түймрийг түр намжаан цурманд оруулчихлаа.

Одоо тэдэнд МАХН буюу Н.Энхбаяртай “санамж бичиг” үзэглэх үлдэв. Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүргээс УИХ-д ялалт байгуулахад нь туслах, салбар хариуцсан хоёр сайд, мөн тооны дэд сайд, агентлагийн даргын суудал нэхэгдээд байгаа. Ядаж байхад Шадар сайдын суудлыг Н.Энхбаяр өөртөө хүссэн. Энэ бүгдийг нь гүйцэлдүүлчихвэл МАХН Ерөнхийлөгчийн сонгуултд хамтарна. Эс бөгөөс С.Ганбаатарыг уяаг сул тавих аюул ойрхон бий.

МАН-ын зүгээс Н.Энхбаярын хүсэлтийг шууд үгүйсгээгүй тул С.Ганбаатар өөрийн нүүдлийг нүүн Ерөнхийлөгчийн даалгавраар хөдөлж эхэлсэн.

Н.Энхбаярын хувьд С.Ганбаатарыг түлхээд хаях, татаад авах аль аль хувилбар өөрийн нь гарт байгааг хэлэхийн сацуу мань эрийг Ерөнхийлөгчтэй нэг нутаг ус, айл саахалт бололцон ар хударгаар нь хор хутган үймүүлж явааг ч түмэнд зарлачихсан байгаа.

Харин С.Ганбаатар “Энхрий хайрт Н.Энхбаярыгаа хэзээ ч муулахгүй” хэмээн попролтоо хийсээр… МАН-тай тохиролцоонд хүрч чадахгүй бол МАХН-аас нэр дэвших квот түүнийх болох тул юунд гэнэ алдах билээ.

Энэ бүгдийн хажуугаар Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрмөгц Л.Оюун-Эрдэнийн Засаг хөдөлгөөнд орох нь тодорхой болж, дараагийн ээлжийн тохироо зэрэгцэн яригдаж байна. Цар тахлын голомтыг хумих биш алдахын муугаар алдаж, тэргүүлсэн танхим нь цэцэрлэг яслиас дор учраа олохгүй үймэлдэж байгаа нь энэ Засгийн тамгыг хураах хөнгөхөөн шалтаг болсон тул эрх баригч намын генсэкийн өрөө дахиад л түмний хөлд дарагдаж эхлэв.

Орчуулах »