Хаврын чуулган хэн нэгний халаасан дахь сценари төдийхөн болжээ

Хаврын чуулган огцом наашилсан. Дөрөвдүгээр сард нээлтээ хийдэг чуулган Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор 15 хоногийн өмнө цочмог эхэлж, гишүүд ажилдаа ороод байгаа.

Сонгуультай жилийн чуулган хаврын хавсаргатай яг адил…

Жагсаал, цуглаан ихтэй, лоозогнол, попрол арвинтай байдаг хойно. Энэ удаад ч дүрэм өөрчлөгдсөнгүй. Ордныг гороолж хоёр хүүгийнхээ төлөө нэгэн ээж хөл нүцгэн “жагссан” бол дотор талд С.Ганбаатар Оюутолгой гэх ганц сэдвийнхээ хажуугаар Сү.Батболдыг хулгайчаар нь дуудан хуулийн байгууллагыг дархан эрхээрээ дарамталж байна гээд эрх ямбыг нь бууруулах хүсэлтийг УИХ-ын даргад гаргав.

Улс төр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн эргэн тойронд өрнөж, холбогдох нөхдийн хооронд “шинэ тохироо” яригдаж байх шиг байна.

Чуулганы завсарлагааны хугацаанд шүүгчдийн дуулиан дэгдэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хорих ангид ял эдэлж байгаа Т.Чимгээг олны өмнө чирч гарган уйлуулж, улмаар А.Гансүх+Б.Баасанцогт+Б.Хурц гэх схемийг танилцуулаад амжсан нь санамсаргүй зүйл биш.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Б.Хурцыг яллаж чадвал Т.Чимгээ нарын гэм бурууг хэлэлцэх боломжтой” гээд хуулийн заалт тайлбарлан эрүүдсэн бичлэг дэлгэсэн нь ард олонд зориулсан мэдээлэл ч бас биш юм.

Энэ бүгдийн эцэст Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар суллагдахгүй нь үнэн. Тэднийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэдгээр л буруутах нэгэн байвал буруутахаас хэрэгтэн мөн биш гэдэг асуудал огт ондоо хүрээнд яригдах сэдэв билээ. Түүнийг олон түмнээрээ мэдээд шийдчихдэг гудамны зодоон гэж эндүүрээд яахав.

Харин энэ бүх тоглоомыг өрж суугаа Л.Оюун-Эрдэнэ хоёр талд тэлээ хурга мэт явж ирснийг уншдаг, сонсдог бүхэн мэдэх биз. Гэхдээ хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцрох нь амьдралын үнэн тул тэр нэг талдаа гарна. Сонголт хийх цаг нь ч ирж. Түүнийг ах “херо” дагана. Ах аль талдаа гарч байгааг ойрхны үйл явдлууд тодорхой ч харуулаад авсан.

Уруул дордойвч элэг дордойхгүй ээ гэдэг энэ… Тэгээд ч Х.Баттулгын өмнөх замыг Л.Оюун-Эрдэнийн ирээдүйтэй харьцуулбал тэнгэр газар шиг зөрүү бийг “херо” юу эс андах билээ..

Түүний халаасанд сонгогдлоо гэхэд зургаан жилийн хугацаатай сувинер төдийхөн Ерөнхийлөгч, зуун жилийн түүхтэй намын толгойд авирсан дүү хоёрынх нь хөзөр их ч удаан явсан шүү дээ.  

Тэгэхээр огцом наашлуулсан хаврын чуулган Х.Баттулгыг тойргийн дотор үлдээх үү, гаргах уу, У.Хүрэлсүх хурандааг өөрийг нь аль хүртэл хуурах вэ гэхчлэн бичигдсэн хялбархан өгүүлбэртэй бодлогын хэмжээнд л өрнөнө… Бүгдээрээ дагаж хөөрцөглөөд юүхэв.

Харин энэ бүхнийг шилэн самбарт зурж, баллуурдан суугаа цөөвөр чоно мэт нэгэн хэзээ мөдгүй цочтол гарч ирнэ бий вий. Тэр өргөст хэмх зажлангаа хаа нэгтээ амгалан суух нэгэн угаас биш…

Түүнийг гарч ирэхэд хаврын чуулган хаалгаа барьж, зун цаг эхэлнэ.  

Орчуулах »