10 сая төгрөгийн ярилцлагын ханштай Б.Лхагвасүрэнд мөнгөний бодлогоо атгуулсаар суух уу?

Хариуцлагын шуурганд өртдөггүй цөөн нөхдийн нэг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн байв. Харин зургаан жилийн настай төвбанкны удирдлагын суудал чөтгөр шүглэсэн мэт хүн тогтоохоо болиод байгаа. Сүүлийн үед гурван жил бололгүй хуулийнхны хараанд өртөж, ачигдах болсон. Энэ дүрэм эрхэм ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ч тойрохгүй бололтой.

Төвбанкинд хөл тавихаасаа өмнө Хадгаламжийн даатгалын корпорацийн захирлаар ажиллахдаа хэд хэдэн хууль зөрчиж, дур зоргоороо аашилж байсан гэх баримт ил болоод байгаа. Тухайлбал,

•           Үндэсний хорооны 2015 оны 12 дугаар сарын 21-ний 25 тоот тогтоолоор Гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэнд буюу өөртөө хугацаа заалгүй цалинтай чөлөө олгож, дэд захирал Ч.Сайнбилэгт бүрэн эрхийг түр шилжүүлсэн. Энэ хугацаанд түр захирал нь 2016 оны эхний улиралд эрхзүйн шийдвэр гарган, санхүүгийн баримтад гарын үсэг зурж байжээ. Тэрчлэн гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэнг ажилдаа буцан орсон талаар эрхзүйн шийдвэр гаргаагүй, мөн чөлөөтэй байх хугацаанд хоол унааны хөнгөлөлт, улирлын үр дүнгийн урамшууллыг олгож байж.

•           Улмаар 2016 оны 9 сарын 1-нд 47 тоот тушаал гарган гүйцэтгэх захирлын албан тушаалаас өөрийгөө чөлөөлж, тус байгууллагын хуульч Б.Амарбилэгийг өөрийн оронд түр хугацаагаар томилсон. Мөн Б.Амарбилэгийг гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн ямар ч шийдвэр гараагүй байхад Х.Бум-Эрдэнийг Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс тус корпорацийн гүйцэтгэх захирлаар томилсон нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 4.1.5 , 25.6, 25.7 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

•           Б.Лхагвасүрэн гүйцэтгэх захирал байх үедээ орлогч дарга Ч.Сайнбилэгийг чөлөөлөхдөө 30 сая төгрөгийн тэтгэмж олгож байсан. Угтаа 25 ажилтантай тус байгууллага Засгийн газрын 04 тогтоолын 6.2-т заасны дагуу дэд дарга буюу орлогчгүй байх учиртай. Тиймээс уг тогтоолыг үндэслэсэн дүр эсгэж Ч.Сайнбилэгийг чөлөөлөнгөө их хэмжээний мөнгөн дүнтэй тэтгэмж олгосон байгаа юм. Үүнээс 1 сарын дараа Засгийн газрын мөнөөх тогтоолыг зөрчин 2016 оны 11 сарын 17-нд орон тоог дур мэдэн 29 болгоод дэд захирлын орон тоотой байхаар батлав. Улмаар С.Дамдиндорж гээчийг дэд захирлаар томилоод зогсохгүй 18.4 сая төгрөгийн цалин тэтгэмжийг давхардуулан олгосон байх жишээтэй.

  • Капитал банкаар зуучлуулан 2015.06.15-нд байгуулсан 20150615-01 тоот “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ”-ний дагуу 2016.06.16-ны өдрөөс 28 хоногтой 5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй ТБҮЦ худалдан авсан байснаа хугацаанаас нь өмнө  гэрээгээ цуцалж, 2016.06.22-нд 16 хоногоор тооцож, цэвэр хүүгийн орлого 20.5 сая төгрөг, ТБҮЦ худалдан авсан 4.976.4 сая төгрөгийг татан авсан байна. Магадгүй дараагийн томилгооны асуудал үүссэнтэй холбоотой асуудлыг ийнхүү наашлуулсан бололтой.

Мөн хоол унаа, томилолтын зардлыг нэмэгдүүлсэн, давхардуулан олгосон олон зөрчил илэрчээ.

Уг нь Б.Лхагвасүрэн төвбанкны удирдлагын суудлаас хэдийнэ явсан байх учиртай хүн. Түүний өмнөх удирдлага болох Н.Баяртсайханыг МАН-ын дотоод хэрүүлээс болж албан тушаалаас буулгасан.

Олон улсын санхүүгийн байгууллага болох ФАТФ Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан нь Н.Баяртсайханы огцруулах далим болсон. Үнэндээ үүнээс өмнө түүнийг суудлаас нь буулгах тухай У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын амнаас хэдэнтээ унаж байсан юм. Улмаар тохироо бүрдэв гэгчээр шалтгаан гарч ирэн огцров.

Товчхондоо Г.Занданшатар шөвөгдөж, Н.Баяртсайханыг албан тушаалаас нь буулгаад өөрийн хүн болох Б.Лхагвасүрэнг зүтгүүлсэн хэрэг.

Төвбанкны удирдлага муу ажилласан гэх хариуцлагыг хамтдаа үүрэх учиртай Б.Лхагвасүрэн Монголбанкны дэд Ерөнхийлөгчийн олбогоос Н.Баяртсайханаа мөргөн гарч ирсэн нь ийнхүү Г.Занданшатарын татаас байсан юм.  

Монголбанкны дэд Ерөнхийлөгчийн суудалд ч Г.Занданшатарын дэмжлэггүйгээр хүрэхгүй байв. Хэдийгээр мэргэжлийн хүн, чамгүй олон жил удирдах албан тушаал хашсан гэх гуншинтай ч төвбанк эрх баригч намын бүлэглэл, фракцийнхны хун тайж нарын “цэцэрлэг”. Тухайн үед МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар шахагдан, Б.Лхагвасүрэнд орон тоо олдсон төдий.

Ийм замналаар Б.Лхагвасүрэн төвбанкны ерөнхийлөгч болж, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн дэд ерөнхийлөгч болсон нэртэй мөнгөний бодлогоор “наадаж” суугаа..

Хадгаламжийн даатгалын корпорацид хувийн компани мэт жаалж суусан Б.Лхагвасүрэн албан тушаал ахихын хэрээр орлого нь өссөн үзүүлэлтийг Авлигатай тэмцэх газрын Хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдохдоо 89 сая төгрөгийн орлоготой байсан бол албан тушаал ахиад 116 сая төгрөгийг жилдээ халаасалдаг болжээ.

Гэр бүлийн орлого нь 15.1 сая төгрөг байсан бол 4 дахин өсч 64.2 болсон байх юм. Түүнчлэн хадгаламжиндаа 4 сая төгрөгтэй байсан бол 83.5 сая болтлоо аривжиж.

Хувийн хэтэвч нь ийнхүү өссөн Б.Лхагвасүрэн хэвлэл мэдээлэлд мөнгө цацан ярилцлага өгдөг болсон. Тухайлбал, “Таймс медиа корпорейшн” ХХК руу 10 сая төгрөг төлж байж Fordes сэтгүүлд ярилцлагаа нийтлүүлсэн байгаа юм. Тэгэхдээ мөнгийг хувиасаа биш Монголбанкны данснаас төлүүлнэ.

Тэрчлэн Монголбанк өөрийн бүтэцдээ Хууль, эрх зүйн бүхэл бүтэн газартай атлаа энэ чиглэлийн үйлчилгээнд 60 гаруй сая төгрөг зарцуулсан байх жишээтэй. Уг нь банкны бүтцэд байх эл газар дотроо хоёр ч хэлтэстэй.  Тийн атал

•           “Өмгөөллийн мэргэн хуульч ХХК-д 40 сая төгрөг

•           “Юнайтед партнерс лоу фирм” ХХК-д 13.2 сая төгрөг

•           “Авнекс Партнерс” ХХК-д 13.2 сая төгрөгийг хууль эрх зүйл үйлчилгээний төлбөрт шилжүүлсэн нь ил болов.

Ямартаа Шилэн Цогоо “Монголбанкны нэг юмыг ерөөсөө ойлгохгүй байна. Хуулийн хэлтэс гэж байдаггүй юм уу Хуульч гэж байдаггүй юм уу. Яагаад ингэж олон хуулийн фирм ажиллуулаад мөнгө төлөөд байдаг юм бол” хэмээн шогширч байх билээ.

Үүнээс гадна Монголбанкны зүгээс

•           “Зангиагүй уулзалт”-д 8.206.200 төгрөг

•           Монголбанкны тэргүүний ажилтан шалгаруулах ёслолын ажиллагаанд 107 сая төгрөг

•           Фантастик продакшнд 28 сая төгрөг тус тус зарцуулжээ.

Түүнтэй холбоотой дуулиан үүгээр дуусахгүй бөгөөд бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Орчуулах »