Уяачдын галаар халхавчилсан луйварчид буюу салбар яамдыг өмчилсөн эхлэл хэзээ тавигдав

Хятадын “Эйч Кэй Би Интернэйшнл холдинг” компанийг өөгшүүлэгчид хэн бэ

Монголын улс төрийн бужигнаан, сиймхийг ашигласаар ирсэн нь тус компанийн хөгжлийн он тооллоос харагдана. 2004 оны сонгуулиар МАХН буюу одоогийн МАН 38, Эх орон ардчилал эвсэл 34, МБНН 1, бие даагч 3 суудал авч Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдан М.Энхболд Засгийн эрх атгаж байсан жилтэй тус компанийн байгуулагдсан он давхцаж байгаа юм.

2005 онд УИХ дахь ардчилсан хүчнүүдийн эвсэл задарч, МАХН-ын сайдууд Засгийн газраас гарч, улс төрийн бичил эргэлт хийх нөхцөл бүрдсэн. 2006 оны 1 дүгээр сард Монголын түүхэнд анхны олигархуудийн Засгийн газар байгуулагдан, 2007 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, барилгын салбарыг хөөрөгдөн дөнгөж төлжиж байсан эдийн засгаа макро түвшний хямралд оруулсан үл мартагдах он.

Улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн ээдрээт яг энэ цагт эрхэм Жан овогтнууд “Би И Эй ББСБ” банк бус санхүүгийн байгууллагаа байгуулж, улмаар татвараас зайлсхийн зугтаж байсан байдаг.

Удалгүй Засгийн эрхийг С.Баярын фракц гартаа оруулж, 2008 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан ч М.Энхболд Шадар сайдын суудлаас дээш гараагүй. Гэвч нийслэл дэх нөлөөлөл нь буурсангүй. Ямартаа татвар төлдөггүй, удаа дараа татвараас зайлсхийн зугтсан хятадын компанид хууль хяналтын байгууллагаас хариуцлага тооцож дөнгөөгүй байв.

Тухайн үед Тагнуулын ерөнхий газрын даргаар Н.Ганболд томилогдов. Түүний алба хашсан хугацаа нь М.Энхболдын Ерөнхий сайдаар ажилласантай ижил. Тагнуулд хотын фракциас    Б.Энхсүх бий. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын даргаар С.Баатаржав ажиллаж байлаа. С.Баатаржав АТГ-ын дарга асан Х.Энхжаргалтай худ ургийн хэлхээтэй. Мөн Ц.Нямдоржийн эхнэрийн хамаатан. Гол нь хэн хэн нь М.Энхболдын халаасны нөхөд.

Энэ бүх эрх мэдлийн хүчинд дулдуйдан татвараас зугтаж байсан байж мэдэх “Би И Эй ББСБ” ХХК үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулснаас хойш бүтэн жилийн дараа буюу 2010 оны тавдугаар сард татан буугдсан.

Тухайн үед МАХН нь МАН болж, намын дотоод зөрчил хурцдан фракцуудын задрал эхлэв. С.Батболд намын дарга боллоо. Гэхдээ М.Энхболдын гэх хотын фракц хүчтэй хэвээр… Намын удирдах зөвлөлд хотын фракцаас олон ч хүн байв.

Удалгүй сонгууль болж, АН засгийн эрх авсан.

Харин хотын фракцийн дэмжлэгт өлгийдүүлж байсан “Эйч Кэй Би Интернэйшнл холдинг” компани Чингис бондоор амтшин замын тендэрт хөл тавьсан байгаа юм. АН Засгийн эрхэнд гармагц Чингисийн нэрийг худалдан их хэмжээний хөрөнгө оруулж ирсэн ч урьдчилсан тооцоо судалгаатай хөтөлбөр байгаагүй тул баруун, солгойгүй цацаж байлаа.

Ямартаа Чингис бондын нийт санхүүжилтийн 50 орчим хувь буюу 1.5 орчим их наяд төгрөгийг зам гүүр, “Гудамж” төсөл гэх мэт дэд бүтцийн эргэн төлөгдөхгүй төслүүдэд зарцуулсны 500 орчим тэрбум төгрөгийн ажлыг БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд авсан байхав.

Тэдний дунд “Эйч Кэй Би Интернэйшнл холдинг” компани тэргүүн эгнээнд багтаж Чингис бонд төдийгүй Азийн хөгжлийн банкны зээл, буцалтгүй тусламжаас хахтал идэж эхэлснийг өмнөх нийтлэлийн баримтуудаас харж болно.

М.Энхболд, Ц.Элбэгдорж нарыг МАНАН-гийн эзэд гэдгийг Ж.Батзандан, Н.Энхбаяр тэргүүлэн удаа дараа мэдэгдсээр яваа. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарыг тэдний халаасан дахь тоглогчид гэдгийг ч мэдэхгүй нэгэн үлдээгүй биз. Үүний нотолгоо болгон засаг дамжин тендэр цөлмөгчид улам бүр пэндийсээр ирэв.

Хуйвалдаан, луйвраа ярихын тулд адуу малд хорхойтой дүр эсгэн уяачдын гал гээч руу бүл нэмж орцгоодог нь нууц биш болсон. МАНАН-г халхавчлах хамгийн гэмгүй нуувч нь “нэг галын уяачид” гэх тодорхойлолт. “Эйч Кэй Би Интернэйшнл холдинг” компанийн асуудал, тэдэнд өгөх тендэрийн шийдвэр ч уяачдын гал дээр яригдсаар ирсэн гэдгийг эх сурвалжаас өгч байна. Тэрбайтугай Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, бүр сайд нь хүртэл хоёрхон галын уяачдаас ээлжлэн томилогдож, энэ улсын зам гүүрийн бүх ажил морины уяан дээр шийдэгдсэн гэхэд хилсдэхгүй нь.

Эх сурвалжийн эл мэдээллийг батлах мэт Я.Содбаатар “уяач” шадар сайдын суудлаас буухын өмнөхөн буюу шинэ оны босгон дээр “Эйч Кэй Би Интернэйшнл холдинг” компанид шилэн өргөмжлөл гардуулж, шилдэг компани шүү хэмээн магтсан байгаа юм.

Түүний хятад компанийг магтах болсон шалтгаан хийгээд аль галд харьяалагддаг, улмаар уяачдын гал гээчээр халхавчилсан бусад “луйварчид”-ын бүлэглэлийн дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн дугаараас уншаарай…

Орчуулах »