Казахстан цаазын ялаас татгалзлаа

2021-01-03
1 min read

НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 1989 онд баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай Хоёрдугаар нэмэлт протоколд Казахстан улс нэгджээ.

Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өчигдөр (2021.01.02) цаазаар авах ялаас татгалзах олон улсын гэрээнд нэгдэх баримт бичигт гарын үсэг зурсан тухай тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын вэб сайтад мэдээлжээ.

Одоогоор Европ тивд зөвхөн Орос, Беларусь улсууд дээрх баримт бичигт нэгдээгүй байгаа бол Төв Азийн “стан” улсуудаас ганцхан Тажикстан нэгдээгүй үлджээ. Дээрх улсуудаас зөвхөн Беларусь улсад цаазын ялыг гүйцэтгэсэн хэвээр байгаа юм байна.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт нь 1966 онд батлагдаж, 1976 оноос хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг баримт бичигт дэлхийн 173 орон элсэн ороод байна. Харин цаазын ялыг халах зорилготой Хоёрдугаар нэмэлт протокол нь 1989 онд батлагдаж, 1991 оноос мөрдөгдөж эхэлсэн бөгөөд Казахстанаас гадна 88 улс орон нэгджээ.

Орчуулах »