Сүга Ёшихидэ: “Токио-2020” коронавирусийг ялсны бэлгэ тэмдэг болох ёстой

2021-01-22
1 min read

Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 21-нээс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон. Наадмыг хойшлуулсан хэдий ч “Токио-2020” нэрийг нь хэвээр үлдээсэн билээ.

Тус улсын Засгийн газар Токиогийн Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулахыг урьдын адил эрмэлзсэн хэвээр байгаа бөгөөд нийслэлийн захиргаа, ОУОХ-той хамтран наадамд бэлтгэсээр байна гэж Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ парламентдаа үг хэлэхдээ мэдэгджээ.

Тэрбээр “Олимпын наадам хүн төрөлхтний хувьд коронавирусийг ялсны бэлгэ тэмдэг болох ёстой. Бид наадмыг аюулгүй зохион байгуулах зорилгоор Токиогийн захиргаа болон ОУОХ-той нягт хамтран ажилласаар байна” хэмээн мэдэгдсэн байна.

Орчуулах »