П.Түвшинжаргал: Мөчлөгт урсгалт тээврийн технологийн тоног төхөөрөмжийг удахгүй угсарна

2021-03-01
2 мин уншина

Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд том зургаан төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл юм. Энэхүү төслийн явцын талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрийн бодлогын газрын Ерөнхий уурхайчин П.Түвшинжаргалаас тодрууллаа.

-Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийн ажлын явц байдлын талаар мэдээлэл өгөөч?

     -2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр ХБНГУ-ын “3B TEC AUFBEREITUNGSSYSTEME” компанитай “түлхүүр гардуулах” нөхцөлтэй гэрээ байгуулснаар Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийн ажил эхэлсэн гэж хэлж болно.

Зургаадугаар сарын 10-нд төслийн хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж байна. Төслийн гүйцэтгэлийн түвшинд гурван шатны ажил хийгдэнэ. Нэгдүгээрт, Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, тоног төхөөрөмжийн нарийвчилсан зураг гаргах ажил 95 хувийн гүйцэтгэлтэй яваа. Нарийвчилсан зураг төсөл нь бутлуурын хэсэг, конвейерийн хэсэг, овоолгын хэсэг гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Хоёрдугаарт, нарийвчилсан зураг төсөл үе шаттайгаар дууссанаар үйлдвэрлэл явагддаг. Өнөөдрийн байдлаар нийт тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 40 хувийн гүйцэтгэлтэй явна. Гуравдугаарт, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил 2021 оны тавдугаар сарын 15-аас эхлэхээр төлөвлөөд байна.

-Бэлтгэл хэр хангагдсан бэ?

     -Бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс хоёр үе шаттай хангах ёстой. Эхнийх нь цахилгаан хангамж, хоёрдугаарт, уулын цул олборлон бутлуур байрлуулах бэлтгэл хангах шаардлагатай. Ил уурхайн гадаад цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах, нэмэгдүүлэх өргөтгөлийг өнгөрсөн оны төгсгөлд хийж гүйцэтгэсэн. Харин уулын ажлын бэлтгэл ажлыг 2020 оноос хангаж, хоёр сая орчим м3 уулын цул олборлох бэлтгэл ажлыг давхар ханган ажиллаж байна. Одоогоор цахилгаан хангамж бэлэн болсон. Уулын цул бэлтгэх ажил 75 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

-Тоног төхөөрөмжүүд газар дээрээ хэзээ ирэх вэ?

     -Тавдугаар сарын нэгэн гэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүд ирнэ. Угсралтын ажил ирэх тавдугаар сарын 15-аас эхэлнэ. Гэрээнд заагдсан хугацаагаар энэ оны 12-р сард төслийн ажил дуусгавар болох ёстой. Гэсэн ч бид төлөвлөгөөт хугацаанаас түрүүлж дуусгахаар гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж байна. 

-Төслийн эцсийн үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ?    

     -Ил уурхайн олборлолтын зардлын 45-50 хувийг технологийн тээвэр эзэлдэг. Уурхай гүнзгийрэх тусам тээвэрлэлтийн дундаж зай уртсаж, тэр хэрээр технологийн тээврийн зардал өсөн нэмэгдэж байна. Тиймээс уулын цул тээвэрлэлтийн ажилд мөчлөгт урсгалт тээврийн технологи буюу хосолмол тээврийн систем нэвтрүүлэх шийдэлд хүрсэн. Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр хөрсний тээврийн зардал 25-30 хувиар буурах тооцоолол гарсан.

-Ажлын байр нэмэгдэх үү?

     -Шинэ технологийн техник, тоног төхөөрөмжийг ашиглахад 50 орчим ажлын байр хэрэгтэй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хувьд шинэ хэсэг үүсгэн ажиллуулах нь ойлгомжтой. Учир нь мөчлөгт урсгалт тээврийн технологи нь бутлуурын хэсэг, конвейерийн хэсэг, овоолгын хэсэг гэсэн гурван дамжлагаас бүрддэг. Эдгээр дамжлага дээр чиглэл чиглэлийн мэргэжилтнүүд зайлшгүй шаардлагатай. 

-Боловсон хүчнийг хэрхэн бүрдүүлэх вэ?

     -Боловсон хүчин бүрдүүлэлт дээр Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Ил уурхай хамтран судалгаа явуулж байна. Эдгээр тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан туршлагатай ажилтнуудыг цех хооронд шилжүүлэн ажиллуулах, шинээр шаардлагатай ажилтан, мэргэжилтнүүдийг төслийн хэрэгжилтийн түвшинд сонгон шалгаруулж бэлтгэх, сургах ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. 

-Баярлалаа

Орчуулах »